L.E.K. Consulting Firm-н ахлах шинжээч, Гёте сургуулийн 2016 оны төгсөгч Н.Нандин-Эрдэнэ

2022.07.05

Овог нэр: Нямсамбуугийн Нандин-Эрдэнэ

Төгссөн жил: 2016

Боловсрол: Goethe University Frankfurt Эдийн засаг, Бизнес-н удирдлагын бакалавр

Эрхэлдэг ажил: L.E.K. Consulting firm-н ахлах шинжээч


Сургууль, Aжил Mэргэжил

1. Та Гёте сургуульд хэдэн жил суралцсан бэ?

Би Гёте сургуульд 12-р ангидаа элсэн суралцсан. Өмнө нь Германд 2 жил сурч байгаад Монголд ирсэн. Тэрнээс өмнө бол Монголд байхдаа япон сургуульд сурдаг байсан.


2. Та Гёте сургуульд сурч байхдаа ямархуу сурагч байсан бэ?

Төгсөх анги байсан болохоор их завгүй сурагч байсан. Хийх амжуулах ажил ихтэй, германы тэтгэлэгт бэлдэх, өргөдлөө явуулах бас тэр үедээ найзуудтайгаа нийлээд UBMUN-г үүсгэн байгуулж байсан үүний зэрэгцээ ЭЕШ-дээ бэлдээд нэг л мэдэхэд нэг жил их хурдан өнгөрчихсөн байсан.


3. Та сургуулиа төгсөөд аль их сургуульд ямар чиглэлийг сонгон суралцсан бэ ? Яаж мэргэжлээ сонгосон бэ?

Би DAAD-н тэтгэлэг аваад Heidelberg их сургуульд 1 жил тэтгэлэгтэй суралцаж байхдаа зөвлөх үйлчилгээний компани, хөрөнгө оруулалтын банк чиглэлээр сонирхож судалж эхэлсэн. Тэгээд судалж байгаад германы санхүүгийн төв гэгддэг Франкфурт хотын Goethe University Frankfurt-д бизнесийн удирдлага болон эдийн засгаар суралцаж төгссөнийхөө дараагаар зөвлөх үйлчилгээний firm-д ажиллаж эхэлсэн.

4. DAAD-н тэтгэлэг авахад, ер нь ямар нэг тэтгэлэг авахад хүүхдүүд юун дээр илүү анхаарах хэрэгтэй санагдсан бэ?
Эхлээд зайлшгүй шаардлагатай босго оноо, шалгалтаа давах хэрэгтэй. Тэр бол мэдээж хувь хүний хөдөлмөр, зохион байгуулалтаас шууд хамаарна. Хэзээ бэлдэж эхэлсэн, яаж бэлдсэн гэдгээс эхлээд. Тэрнээс гадна нэмэлтээр эсээ нь дээрээ яг юу хүсэж байгаагаа тодорхой бичих хэрэгтэй гэж би боддог. Жишээ нь: Германы засгийн газар DAAD гэдэг байгууллага хүрч ирчхээд яахаа юу хийхээ мэдэхгүй хүүхдүүдийг бол тэтгэж санхүүжүүлж сургахыг бол сонирхохгүй.

Яг зорилготой, юу сурмаар байгаагаа мэддэг, яагаад тэр чиглэлийг сонгосноо мэддэг мөн төгсөөд юу хийхийг хүсэж байгаа мэддэг зорилготой хүн л тэтгэлэг авах магадлал өндөр.

5. Таны анхны цалинтай хийсэн ажил юу байсан бэ ? Та их сургуульд сурдаг байхдаа цагийн ажил хийдэг байсан уу?

Хамгийн анхны цалинтай ажил гэвэл би их сургууль дээрээ ажиллаж байсан. Teaching assistant буюу туслах багш хийнгээ цалин авдаг байсан. Introduction to Economics (Эдийн засгийн танилцуулга) хичээлийг 30-40 хүнтэй жижиг ангийг дааж аваад 7 хоног бүр  хичээл ордог байсан.


6. Тэгвэл та бакалавраа төгссөнийхөө дараа ямар ажил хийж эхэлсэн бэ?

Би бакалавраа төгсөөд яг төгсөхийнхөө өмнө дадлага хийж байсан зөвлөх үйлчилгээний L.E.K. Consulting firm-д ажилд орсон. Мюнхен хотын салбарт нь одоо ахлах шинжээчээр ажилладаг.

7. Гадаадад сурч байх хугацаандаа мэдэж авсан, ойлгосон зүйлсээсээ хуваалцаач?

Нэгдүгээрт:

Xүн өөртөө тавьсан зорилгынхоо алхмуудыг жижиг болгож задлаад өдөр тутамдаа тэр зүйлээ бага багаар хийгээд л байх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор хүмүүс том зорилго тавьчихдаг тэгээд юу хийхээ мэдэхгүй тэрнээсээ болоод

эмээгээд ч юм уу төвөгшөөгөөд байх хандлагатай байдаг.

Хоёрдугаарт:

Юм болгоныг баланстай байлгах нь маш чухал юм байна гэдгийг ойлгож авсан.


8. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Та өдөр тутамдаа ажил дээрээ яг юу хийдэг вэ?

Ажлын нэг өдөр бол янз бүр байдаг. Яагаад гэвэл зөвлөх үйлчилгээний ажилтан өөрөө янз бүрийн зүйлс хийж сурах шаардлага гардаг. Гэхдээ ихэвчлэн ширээний ард PowerPoint болон Excel дээр түлхүү ажилладаг. Excel дээр анализ, шинжилгээ хийгээд тэрнийхээ үр дүнг нь PowerPoint дээр буулгаад үйлчлүүлэгчиддээ танилцуулдаг. Мөн мэргэжилтнүүдээс ярилцлага авдаг. Учир нь аливаа заах зээлийг ойлгохын тулд тэрнийх нь expert-үүдээс маш их зүйл сурах шаардлага гардаг.

9. Та мэргэжлээрээ ажиллаж байхдаа шантарч өөр мэргэжилтэй болдог байж дээ гэж харамсаж байсан уу? Хэрвээ байсан бол тэр үеэ хэрхэн даван туулсан бэ?

Ер нь ажилдаа шантрахын хувьд бол шантарч байсан. Гэхдээ өөр мэргэжилтэй болдог байж гэж бол бодож байгаагүй. Яг тэр үедээ шүдээ зуугаад тэвчээд л өнгөрөөж байсан. Ямар үе байсан бэ гэхээр нэг төсөл дээр 7 хоногт бараг 80-90 цаг ажилладаг, маш их ачаалалтай болохоор унтах ч завгүй байсан ч гэсэн гүрийгээд л давсан даа.


10. Таны бодлоор ирээдүйн ажлын байранд хэрэг болох оюутан сурагчдын зайлшгүй эзэмших ёстой чадварууд юу вэ?

Миний бодлоор хүнтэй зөв харилцах чадвар их чухал. Ямар ч төрлийн хүнтэй учраа ололцоод ойлголцож чаддаг байх хэрэгтэй гэж би боддог. Мөн аливаа санааг энгийн товчхоноор гол утга санааг нь бусдад ойлгуулж чаддаг чадваруудыг эзэмших хэрэгтэй. Яагаад гэвэл хүн төрөлхтний ажлын байран дээр хийдэг анализ, дүн шинжилгээг хийхэд улам хэцүү болоод байгаа. Бизнес, шинжлэх ухаан гэх мэт энэ бүх зүйлийг тайлбарлахад илүү хэцүү болох тусам тэрийг хялбараар тайлбарлаж чаддаг байх нь маш чухал чадвар юм.


11. Та 5 жилийн дараах өөрийгөө хаана байгаа гэж харж байгаа вэ?

Үнэнийг хэлэхэд 5 жилийн дараа яг хаана, ямар ажил хийгээд явж байхыг бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ юу ч гэсэн хөрөнгө оруулалтын чиглэлээрээ явах магадлалтай. Харин одоогийн байдлаар урд байгаа ажлаа сайн хийж, сурч мэдэх зүйлдээ түлхүү анхаарч байгаа.


12. Өнөөдрийн таныг бий болгоход таны ямар зан чанар хамгийн их нөлөө үзүүлсэн гэж боддог вэ?

Хөдөлмөрч зан. Өмнө нь бол яахав өөр зан чанарууд байсан л байх, гэхдээ сүүлийн хэдэн жил бол хөдөлмөрлөх мөн золиосолж чаддаг зан чанар юм болов уу? Хүн бүхнийг авч чадахгүй. Xамгийн их хүсэж байгаа зүйлдээ хүрэхийн тулд бусад хүсэж байгаа зүйлсээ золиослоод, тэгээд хүрэхийг хүссэн зүйлийнхээ төлөө хөдөлмөрлөж ирсэн болохоор өнөөдрийн би бий болсон гэж бодож байна.

- Чөлөөт Асуултууд -


1.Таны хамгийн их ашигладаг 3 утасны application ?

Одоогоор амралтаа авчихсан байгаа болохоор өөр байгаа ч гэхдээ яг ажлын үеэр бол Mail, Microsoft Teams, WhatsApp гурав байх.


2.Та чөлөөт цагаараа юу хийж өнгөрүүлдэг вэ?

Би найзуудтайгаа уулзаж, гадуур зугаалах дуртай.


3. Та бага байхдаа том болоод ямар хүн болохыг хүсдэг байсан бэ?

Би бүр бага байхдаа бол сансрын нисгэгч болно гэж боддог байлаа.Тэгээд тэрнээс хэдэн жилийн дараа бол хослол костюм, пиджак өмсдөг л ажил хийхийг хүсдэг болчихсон байсан, тэгээд одоо бол яг тэрүүгээрээ л явж байх шиг байна даа.

4. Та өөрийгөө ямар нэг эд зүйлтэй зүйрлэвэл ? Яагаад?

Swiss Army Knife (олон төрлийн хэрэгслэлийг агуулсан хутга) юм бол уу, янз бүрийн зүйлтэй, ямар ч нөхцөл байдалд хэрэгтэй зүйл нь байдаг.Хувирах чадвартай болохоор зүйрлэвэл тэр л юм байна.


5. Таны хамгийн сайн болон муу дадал зуршил гэвэл?

Миний сайн зуршил гэх юм бол нээлттэй сэтгэлгээтэй гэж боддог өөрийгөө, үзэл бодолдоо хязгаарлагдаад байдаггүй, надаас илүү ухаантай надаас илүү мундаг туршлагатай хүмүүс байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг, тэрийг бол мартдаггүй. Тийм болохоор тэр хүмүүсээс аль болох суралцахыг хичээдэг.

Харин муу зуршил гэх юм бол яахав манай мэргэжлийн хүмүүсийн л онцлог байх даа. Хувийн амьдралд, ажил хоёртоо зааг хязгаар тавьж чаддаггүй. Өөрийгөө зөвхөн нэг зүйлд л зориулах гээд өөрийгөө гаргуунд нь гаргах гээд байдаг.

6. Та ном хэр их уншдаг вэ ? Санал болгох ном гэвэл?

Яг үнэндээ бол би тийм ч их ном уншдаггүй.Яахав сурагч байхдаа бол уран зохиолын номонд дурлаж хэсэг уншдаг байсан.Харин сүүлд уншсан нэг сонирхолтой ном байгаа.Тэр болохоор Blackstone гээд хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулсан Stephen A. Schwarzman-ы “ What it takes“ гээд ном.

7. Таны үлгэр дуурайлал авдаг хүн хэн бэ?

Яг тэр гээд хэлчихээр хүн бол байхгүй. Ер нь бол эргэн тойрныхоо хүмүүсийнхээ сайн зан чанаруудаас нь үлгэр дуурайлал авдаг даа.


8.Танд супер чадвар байдаг байсан бол ямар чадвартай байхыг хүсэх вэ?

Миний бодлоор нисэх чадвартай болохыг хүсэх байсан. Учир нь нисэх нь ямар нэг орон зайнаас хамааралгүй. Мэдээж гадаадад ажиллаж амьдардаг хүн болохоор эх орноо санаж, үгүйлнэ. Хэрвээ нисэж чаддаг байсан бол хүссэн үедээ шууд очиж чадах байсан, магадгүй тэрэнтэй л холбоотой байх. Мөн дахиад нэг шалтгаан гэвэл нисэх үед эрх чөлөөтэй сайхан байх болохоор юм болов уу.


9. Та хэрвээ ахлах ангид байсан өөртөө зөвлөгөө өгөх байсан бол ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

Ирээдүйд санаа тавих чинь зөв ч гэсэн ирээдүйдээ хэтэрхий санаа зовоод байгаа тэр энергиэ чи яг урдаа байгаа хийх ёстой зүйлдээ зарцуулаад, оронд нь өнөөдөр юу хийх ёстой, маргааш юу хийх ёстой зүйлдээ анхаараад, стресстэхгүй байх хэрэгтэй гэж зөвлөх байсан.

Яагаад гэвэл хэт их ирээдүйд санаа зовж амьдраад байхаар урдах хийх юмаа мартаад тэгээд ер нь тэрнээсээ болоод стресстэх гээд байдаг.


10. Таны дуртай эшлэл?

C.S.Lewis-н Pilgrims Regress гээд номонд дурьддаг Plato-н эшлэл :


"This every soul seeketh and for the sake of this doth all her actions, having an inkling that it is; but what it is she cannot sufficiently discern, and she knoweth not her way, and concerning this she hath no constant assurance as she hath of other things." Plato