Гёте сургуулийн ууган сурагчдын нэг дуучин "Mrs.M"-тэй хийсэн ярилцлага.

2022.08.19

Овог нэр: Энхтуул овогтой Тамир

Гёте сургуулийг төгссөн жил: 2002 - 2010 (2008 оноос ХБНГУ руу шилжсэн)

Боловсрол: Хүмүүнлэгийн их сургууль

Эрхэлдэг ажил: Чөлөөт уран бүтээлч


Сургууль, ажил мэргэжил

1. Та Гёте сургуульд хэдэн жил суралцсан бэ?

Гёте сургууль анх байгуулагдаж байх тэр цаг хугацаанд  буюу 2002 онд ороод, 2008 он хүртэл 6 жил суралцаж байгаад ахлах ангидаа Герман улсад сурахаар явсан. Тэнд Gottlieb-Daimler-Schule 2 сургуульд суралцсан. Гёте сургуулийн анхны төгсөгчдийн нэг болж байгаадаа баяртай байна.

2.  Та Гёте сургуульд сурч байхдаа ямар сурагч байсан бэ?

Тухайн үед өөрийгөө гадаад хэлэндээ л сайн бусад хичээлдээ дундаж сурагч гэж боддог байлаа.   Гэтэл Германд очоод хэлнээс гадна математикийн болон бусад байгалийн ухааны хичээлээр ангидаа тэргүүлж багш нараа гайхшруулсан шүү /инээв/. Гёте сургуульд сурч мэдсэн бүхэн маань Герман улсад очоод суралцахад том дэмжлэг, бодит чадвар болж өгсөн. Энэ дашрамд надад хичээл зааж байсан багш нартаа болон ангийн багшдаа маш их талархаж явдгаа хэлмээр байна.

Миний хувьд  нийгмийн идэвхтэй, ангийнхаа урлаг, спорт, соёл хүмүүжлийн ажлуудад манлайлан оролцож, сургуулийн найрал дууны дугуйланд хамрагдаж, олон уралдаан тэмцээнд амжилттай оролцсон. Цагаанхүү багш маань намайг үргэлж  тусалж дэмжин уралдаан тэмцээнд оролцох бүх боломжийг нээж өгдөг  байсан. Ангийнхаа Чингэрэл, Есүй гэсэн охидуудтайгаа дотно найзалдаг байсан. Одоо ч гэсэн найзууд хэвээрээ.

Тухайн үед сурагч байхдаа сургуулийнхаа доод ангийн хоёр охинтой нийлээд, охидын хамтлаг байгуулж “ Одод болох хүслэн” бүжгийн тэмцээнд оролцон  5-р байрт шалгарч байсан түүхтэй. Энэ амжилт надад их урам зориг өгч билээ.

3. Та Германд ахлах сургуулиа төгсөөд аль их сургуульд ямар чиглэлийн мэргэжлээр сонгон суралцсан бэ?

Техник, дизайн мэргэжлээр төгссөн. Монголдоо ирээд Хүмүүнлэгийн их сургуульд Герман хэлний  орчуулагч мэргэжлээр суралцаж дүүргэсэн.

4.  Таны анхны цалинтай ажил юу байсан бэ,  их сургуульд сурдаг байхдаа цагийн ажил хийдэг байсан уу?

Би Германд байхдаа бензин колонкийн дэргэдэх хүнсний дэлгүүрт сарын 400 еврогийн цалинтай ажил хийдэг байсан, ажил хийхийн зэрэгцээ бусадтай зөв боловсон харилцах олон талын туршлага хуримтлуулсан гэж боддог.

5.  Таныг урлагийн салбарт ороход юу нөлөөлсөн бэ?

Хамгийн түрүүнд миний ээж жүжигчин мэргэжилтэй байсан нь надад багаас нөлөөлсөн. Мөн Гёте сургуулийн хөгжмийн багш Баасансүрэн багшийнхаа  найрал дууны дугуйланд явдаг болсноор өөрийнхөө дуулах авьяасыг нээсэн гэж бодож явдаг.  

6.  Та яагаад анх "Хип Хоп" чиглэлээр дуулах болсон бэ?

Анх Германд очоод, их ганцаарддаг байсан. Тэр үед хөгжим тоглох сонирхлоо хөгжүүлж, гитар болон бөмбөр тоглож сураад, түүнээс урам авч дуу зохион, монголдоо зуны амралтаараа ирж хамтлагт тоглодог байсан. Маш олон хөгжмийн урсгалыг сонирхож явсаар байгаад сүүлд нь Хип Хоп-оор уран бүтээлээ тууриваж эхэлсэн.

7. Та мэргэжлээрээ ажиллаж байхдаа шантарч, харамсаж байсан  удаа бий юу, хэрвээ байсан бол тэр үеэ хэрхэн даван туулсан бэ?

Мэдээж ар гэрийнхэн анх намайг урлагаар явахыг минь хүлээн зөвшөөрдөггүй, хуулийн талын хүн болгоно гэдэг  байсан. Тэр үед би өөрийнхөө хүсэл мөрөөдөлд үнэнч байж түүнийгээ батлах ёстой гэж бодоод, нууцаар дуу бүтээж олон нийтэд хүргэсэн.  Золоор тэрхүү уран бүтээл маань амжилттай болж, хүүхэд залуусын сонсох дуртай дууны нэг болсноор, гэр бүлийнхэндээ хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо бол ар гэрийнхэн маань хүсэл мөрөөдөлдөө үнэнч байснаар минь бахархан  дэмжиж явдаг.

 

8.  Танд сурагч дүү нартаа хандан өөрийн зүгээс хэлэх зөвлөгөө байна уу?

Ганцхан зүйлээр өөрийгөө тодорхойлохгүйгээр, янз бүрийн юм хийж, туршиж үзсэний үндсэн дээр өөрийгөө олж нээгээрэй. Хэн нэгний шахалт шаардлагаар бус, би яг хэн болохыг хүсэж байна гэж  өөрөөсөө заавал асуугаарай гэж захъя.

9.  Та 5 жилийн дараах өөрийгөө хаана байна гэж харж байгаа вэ?

Одоо хийж байгаа уран бүтээлээ улам чанаржуулж,  тууштай үргэлжлүүлэн, энэ салбартаа өөрийгөө илүү ихээр нээн хөгжүүлж түмэнд хүндлэгдсэн уран бүтээлч болсон байна гэж төсөөлж байгаа.  

 

10.  Өнөөдрийн таныг бий болгоход ямар зан чанар хамгийн их нөлөө үзүүлсэн гэж боддог вэ?

Тууштай байх минь хамгийн ихээр нөлөөлсөн. Цаг хором бүрт дуу хөгжимд татагдан хичээлээ тараад хурдан л харьж хөгжмөө давтах юмсан гэж бодоод гүйн гүйсээр гэртээ ирж шууд л  угаалгын өрөөндөө орж акустикийг нь ашиглаж гитар дээр дуугаа зохиож суудаг байсан.

 

- Чөлөөт асуултууд:

1. Таны хамгийн их ашигладаг 3 утасны application?

Instagram, WeTransfer-Collect app, Notes

 

2. Та чөлөөт цагаараа юу хийж өнгөрүүлдэг вэ?

Яг одоогоор бол чөлөөт цаг байхгүй. Ээж болоод завгүй болсон. Өмнө нь найзуудтайгаа уулзах, хөгжим сонсох, сагс тоглох, ном унших, гитар тоглох гэх мэтээр цагийг өнгөрүүлдэг байлаа.

3. Та хүүхэд байхдаа том болоод ямар хүн болно гэж  хүсэж мөрөөддөг байсан бэ?

Яг ийм тийм болно гэж нээх бодож байгаагүй. Ээж минь л миний үлгэр дуурайлал байсан даа. Сайн л хүн болно гэж хүсэж байлаа. Өөрийгөө хөгжүүлээд аливаад тууштай байна гэж зорьдог байсан.

4. Та өөрийгөө ямар нэг эд зүйлтэй зүйрлэвэл, яагаад?

Гитар хөгжим. Учир нь түүнээс ямар ч аялгуу гарч болно.

5. Таны давуу болон сул тал?

Миний сул тал бол залхуурах талтай, түргэн ааштай,сэтгэл хөдлөл ихтэй. Миний давуу тал гэвэл нэг ажил эхлэхээрээ хурдан шаргуу дуусгадаг. Би ер нь хүмүүст сэтгэлээсээ туслах дуртай. Найз нар минь миний хөгжилтэй занд  дуртай гэдэг шүү./инээв/

6. Та ном хэр их уншдаг вэ, санал болгох ном гэвэл?

Одоогоор бол ном унших цаг гаргахгүй байгаа. Гүн ухаан талдаа ном унших дуртай.

Сүүлд уншсан номууд гэвэл Ногоон нүдэн лам, Хүн мичнээс үүсээгүй, Аюурзана, 2Х2=6 Суут жаран сэтгэгч, Амьдралаас ангижрахуй, Цойлогсод зэргийг уншжээ.

7. Таны үлгэр дуурайлал авдаг хүн хэн бэ?

Мэдээж ээж минь. Миний ээжийг Энхтуул гэдэг. Багаасаа ээжийгээ дагаж жүжгийг нь үзэж биширч явж ирсэн. Үлгэр дуурайлал авахгүй байхын аргагүй мундаг хүн дээ.

8. Танд супер чадвар байдаг байсан бол ямар чадвартай байх байсан бэ?

Бодол унших болон Харри Поттер дээр гардаг алга болгодог нөмрөгтэй болох.

9. Та хэрвээ ахлах ангид байсан бол өөртөө ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

Одоогийн байдалд хүрсэн болгон минь чухал учраас би тэр үеийн өөртөө бол өөрийнхөөрөө бай гэж зөвлөнө.

10. Таны дуртай эшлэл?

Амьддаа бие биенээ хайрла
Алив сайхнаа бусдаас битгий харамла…  /О. Дашбалбар/