Гёте сургуулийн 2008 оны төгсөгч "Израйлийн хөрөнгө оруулалттай компанид үйл ажиллагаа хариуцсан захирал" И.Гэрэлчулуунтай хийсэн ярилцлага.

2022.08.15

Овог нэр: Идэрчулуун овогтой Гэрэлчулуун

Гёте сургуулийг төгссөн жил: 2008

Боловсрол: Swansea University

Эрхэлдэг ажил: Изралийн хөрөнгө оруулалттай компанид үйл ажиллагаа хариуцсан захирал


Сургууль, ажил мэргэжил

1. Та Гёте сургуульд хэдэн жил суралцсан бэ?

2002 он буюу Гёте сургууль анх байгуулагдсан тэр жил  5-р ангид элсэн ороод,  6-н жил суралцаж, 2008 онд шилдэг төгсөгч болж төгссөн.

И.Гэрэлчулуун нь голын эгнээний шар цамцтай охин (2002 оны 9 сар)


2. Та Гёте сургуульд сурч байхдаа ямар сурагч байсан бэ?

Бүх хичээлээ онц дүнтэй хаалгасан, хичээнгүй сурагч байсан. 2006 онд Герман хэлний олимпиадад алтан медаль авч, 2007 оны шилдэг сурагчаар шалгарсан зэрэг амжилтын олон сайхан түүхтэй.


3. Та сургуулиа төгсөөд аль их сургуульд ямар чиглэлийг сонгон суралцсан бэ, яаж мэргэжлээ сонгосон бэ?

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Свонзи их сургуульд санхүү эдийн засагч мэргэжлээр сурч төгссөн. Бизнесийн болон менежментийн суурь ухагдахууны ойлголтын талаар  мэдэхийг  эрмэлзэн мэргэжлээ тухайн үед сонгож байсан.

4. Таны хамгийн анхны цалинтай ажил юу байсан бэ, та их сургуульд сурч     байхдаа цагийн ажил хийдэг байсан уу?

Их сургуульд сурч байхдаа амралтын өдрүүдэд Иран хоолны газар цагийн ажил хийдэг байсан. Хүнтэй харилцахаас эхлээд үйлчилгээний соёлын талаар олон зүйл сурсан даа.

5. Тэгвэл та бакалавраар төгссөнийхөө дараа ямар ажил хийж эхэлсэн бэ?

Төгсөж ирмэгцээ банк санхүүгийн салбарт үйл ажиллагааны эрсдлийн чиглэлээр зөвлөгөө өгдөг олон улсын байгууллагад ажиллаж, мэргэжлийн карьераа эхлүүлсэн.


6. Гадаадад сурч байх хугацаандаа мэдэж авсан, ойлгосон зүйлээсээ хуваалцаач?

Өөрөө хувийн санхүүгээ удирдаж сурах нь чухал байлаа. Аливаа зүйлд алдаж онох нь залуу хүний хувьд туршлага болж үлддэг юм шиг санагдсан. Нэгэнт сурсан зүйлийг хэн ч булааж авахгүй учир өөртөө оруулж буй насан туршийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт гэдгийг маш сайн ойлгож авсан.

7. Та мэргэжлээрээ ажиллаж байхдаа шантарч өөр мэргэжилтэй болдог байж дээ гэж харамсаж байсан уу, хэрвээ байсан бол тэр үеэ хэрхэн даван туулсан бэ?

Тэгж шантарсан удаагүй, шантарсан үеүдэд шалтгаан нь өөр байсан. Жишээ нь карьерын  эхэн үед хүмүүс хамтран ажиллаж байхдаа хэлсэндээ хүрэхгүй, ажил гацаах тохиолдлууд олон давтагдахад шантармаар байдаг ч зорилгоо нэн түрүүнд боддог байсан. Хүн  мэргэжлийг бол нэмээд эзэмших боломжтой ч өөрийнхөө зорьж эхлүүлсэн зүйлд тууштай байх нь чухал гэж бодож байнаа. Хүний итгэлийг олж авах, тэр итгэлдээ хүртэл ажиллах амаргүй.

8. Таны бодлоор ирээдүйн ажлын байранд хэрэг болох оюутан сурагчдын зайлшгүй эзэмших ёстой чадварууд юу вэ?

Ямарч мэргэжил сонгосон өөрийгөө аваад явах суурь ур чадваруудыг эзэмшээрэй. Заавал санхүүч болох шаардлагагүй. Харин өмнө нь дурьдсанчлан хувийн болон өрхийн санхүүгээ үр дүнтэй удирддаг болох нь чухал. Гадаад хэлийг мэргэжлийн орчуулагчийн хэмжээнд эзэмших гэхээсээ илүү анхны бодитой эх сурвалжаас нь хүссэн мэдээллээ зөв ойлгож авч чаддаг болох хэрэгтэй.

Мөн бие дааж сурах, сайн зүйлд бусдыгаа манлайлах нь зөв ч гэсэн, шаардлагатай үед багийн тоглогч болж чаддаг байх хэрэгтэй. Учир нь заавал удирдагчийн байр сууриас биш, маш сайн дэмжигч туслагч байж чадна гэдэг багийг болон байгууллагыг амжилтад хүргэдэг.


9. Та 5 жилийн дараах өөрийгөө, хаана байгаа гэж харж байна вэ?

Олон улсаас сурч хуримтлуулсан мэдлэг туршлагатаа суурилж ажиллана. Монгол улсаа хүнсний хувьд аюулгүй, хүмүүс нь эрүүл, ээлтэй улс болгоход өөрийн чадахаас чадахгүйгээ хүртэл хийсээр байх болно. Ингэж л харж байна. 5 жилийн дараа тэс ондоо чиглэлийн ажил хийгээд явахыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ эцсийн дүндээ Монголд эерэг нөлөө авчрах  зорилготой ажил үйлсийг сонгосон байх биз ээ.


10. Өнөөдрийн таныг бий болгоход  ямар зан чанар хамгийн их нөлөө үзүүлсэн гэж боддог вэ?

Зарчимч байдал болон хэлсэн л бол түүндээ хүрдэг мөн аливааг тодорхой эрсдэлтэй нь хамт урьдчилж тооцоолдог зан чанарууд маань ихээхэн нөлөөлсөн.

Чөлөөт асуултууд  


1. Таны хамгийн их ашигладаг 3 утасны application?

И-мейл, чат болон банкны апп-ууд.

 

2. Та чөлөөт цагаараа юу хийж өнгөрүүлдэг вэ?

Нийгэмд зөв хандлага тогтоохуйц төрийн бус байгууллагын сайн дурын ажилд оролцох, подкастаа бичих, шинэ мэдээ мэдээлэл солилцох зорилгоор шинэ хүмүүстэй уулзаж ярилцах дуртай.

3. Та хүүхэд байхдаа ямар хүн болохыг хүсдэг байсан бэ?

Шүүгч болно гэж мөрөөддөг байсан.

 

4. Та өөрийгөө ямар нэг эд зүйлтэй зүйрлэвэл, яагаад?

Жинлүүр. Нэгт энэ миний орд, нөгөө талаас байнга аливаа зүйлийн баланс, тэнцвэрийг олохыг хичээдэг занд минь тохирно.

 

5. Таны давуу болон сул тал?

Сэтгэл санаа оюун бодлоо төвлөрүүлж, чамлахааргүй хэмжээнд удирдаж чаддаг. Хүнд хэт их итгэж найдах гээд байдаг сул талтай.

 

6. Та ном хэр их уншдаг вэ, санал болгох ном гэвэл?

Уншихаас илүү сонсдог номыг илүү ашигладаг болсон. Цаг хэмнэнэ, нүүдэл суудал, аялал зугаалганд үргэлж хамт, авч явах боломжтойгоороо давуу байдаг.

 

7. Таны үлгэр дуурайлал авдаг хүн хэн бэ?

Ментороо болгон үлгэр дуурайлал авдаг олон хүн бий

8. Танд супер чадвар байдаг байсан бол ямар чадвартай байх байсан бэ?

Олон газар зэрэг байх чадвар. / инээв /

 

9. Та хэрвээ ахлах ангид байсан бол өөртөө ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

Өөдрөг бөгөөд өөртөө итгэлтэй байгаарай. Амьдралын олон сайхан мөчүүд урд чинь байна.

 

10. Таны дуртай эшлэл?

Амьдрал чинь зөв чигт яваа, эсэхийн хэмжүүр зөвхөн чиний дотор бий"

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!